Thursday, February 6, 2014

АНУ-д анагаахаар суралцахыг хүсэгчдийн анхааралд

Америкт анагаахын чиглэлээр ялангуяа эмчийн боловсрол эзэмшихийг олон хүн хүсдэг. Энэ нь магадгүй өндөр цалин, нэр хүнд, мөн тухайн хүний сонирхолтой нягт холбоотой. Хэрвээ та тэдгээр хүмүүсийн нэг бол АНУ-ын боловсролын системийг ойлгох хэрэгтэй. 

АНУ-д мэргэжлийн сургуулиуд гэж байдаг бөгөөд үүнд анагаах, хуулийн сургуулиуд орно. Мэргэжлийн сургуульд орохоос өмнө заавал бакалаврын боловсрол эзэмшсэн байх шаардлагатайгаас (үүнийг анагаахад pre-med буюу анагаахын сургуулийн өмнөх боловсрол гэж нэрлэнэ) гадна тухайн чиглэлээр мэргэжлийн шалгалт өгдөг. Анагаах дотроо нарийн мэргэшлээсээ хамаараад мөн өөр өөр шалгалт өгөх хэрэгтэй болно. Манай оюутан залуус хэрвээ анагаахаар суралцахыг хүсвэл АНУ-ын их дээд сургуульд эхлээд pre-med буюу анагаахын боловсролын өмнөх бакалаврын сургалтанд суун хими, биологи, физик, математик болон нийгэм, хүмүүнлэгийн мэдлэгээ бэхжүүлэн бакалаврын зэргээ авна. Дараа нь анагаахын сургуулийн элсэлтийн шалгалтаа (MCAT буюу Medical College Admission Test, DAT буюу Dental Admission Test гэх мэт) өгснөөр анагаахын сургуульд өргөдөл мэдүүлэх боломжтой болдог. Анагаахын сургуульд 4 жил суралцасны дараа резидэнтээ 3-7 жил хийн эмнэлэгт ажиллана. Тэгэхээр нийт 4 жил бакалавр + 4 жил анагаахын сургууль + 3-7 жилийн резидент = 11-с 15 жилийн хугацаанд суралцаад эмчийн лиценз авах боломжтой болно.   

Харин Монголдоо анагаахын сургуульд төгссөн бол шууд АНУ-ын резидентэд өргөдөл мэдүүлж болно. (Жич: Гадаадад анагаахын сургуулийг бакалаврын зэргээр дүүргэсэн хүмүүс АНУ-ын анагаахын сургуульд элсэх боломжгүй байдаг.) Өргөдөл мэдүүлэхээс өмнө 2 үндсэн шалгалт өгдөг бөгөөд энэ тухай дараагийн блогт нийтлэх нь зүйтэй болов уу. 

Харин одоо эмч болохоор шийдээд pre med буюу анагаахын сургуулийн өмнөх бакалаврын боловсролыг эзэмшихээр сургуулиа хайж буй оюутан залуустаа нэгэн зөвлөмжийг орчуулан хүргэе!

Их дээд сургуулийн элсэлт: Pre-Med-р суралцагчдад өгөх зөвлөмж



Дуу хөгжмөөр мэргэшээд, Pre-Med хичээл үз
1. Анагаахын сургуульд ороход заавал pre-med эсвэл аль нэг байгалийн ухаанаар мэргэших албагүй. Үнэндээ анагаахын олон сургуулиуд өөр чиглэлээр мэргэшсэн оюутнуудыг сонгох хүсэлтэй байдаг. Тиймээс дуу, хөгжим, философи, улс төр гэх мэт өөрийнхөө хүссэн чиглэлээр мэргэшин төгсөх хэрэгтэй. Гэсэн хэдий ч анагаахын сургуулийн шаардах байгалийн ухаан, математикийн хичээлүүдийг ЗААВАЛ сонгон үзэж байж ихэнхи анагаахын сургуулийн элсэн орох болзлыг хангана. Бакалаврын оюутан байхдаа хийсэн судалгаа, дадлагын ажил, болон хэвлүүлсэн бүтээлүүд таны өргөдлийн материалд маш эерэг нөлөөтэй. Тиймээс таны суралцах гэж байгаа сургуульд ийм боломж байгаа эсэхийг судлаарай. 

Статистик тоо баримтанд шууд итгэж болохгүй
2. Бакалаврын сургууль хайх явцдаа тэдний pre-med xичээлийн хөтөлбөр болон анагаахын сургуульд элсэн орогчдын тоо баримтыг сонирхоод үзээрэй. Зарим сургуулиуд "манай сургуулиас анагаахын сургуульд өргөдөл гаргасан нийт оюутнуудын 92% нь тэнцсэн" гэх мэт тэнгэрт хадсан тоо хэлж магадгүй юм. Америк даяар өргөдөл гаргагчдын 44% нь зөвхөн сургуулидаа тэнцэж байхад 92% гэдэг бол гайхамшигтай тоо юм. Гэвч анх pre-med хөтөлбөрөөр явсан оюутнуудын хэд нь хөтөлбөрөө амжилттай дуусгаж чадсан вэ гэж тухайн сургуулиасаа асуугаарай. Хэрэв 60% нь амжилтгүй сураад хөтөлбөрийнхөө дундаас гарсан бол үүнийг зайлшгүй харгалзаж үзэх хэрэгтэй. Арван жилийн AP хичээл (АНУ-ын ахлах ангийн сурагчид их дээд сургуулийн түвшнийг сургууль дээрээ судлах боломжтой байдаг бөгөөд үүнийг AP хичээл гэдэг) дээрээ А дүнтэй хүүхдүүд их дээд сургуулийн химийн хичээл дээр арай ядан C дүн авсан тохиолдлыг би хэд хэд мэдэх юм байна. Коллежийн түвшний байгалийн ухааны хичээл 10 жилиихээс хэд дахин хэцүү байх нь бий. Мөн сонирхож буй сургуулиасаа pre-med зөвлөгөө өгдөг эсэх, MCAT-ын дундаж хэдэн оноотой талаар асуугаарай.
Байгалийн ухааны хичээлийн үнэлгээ-хамгийн шилдгүүд амьд гарах нь
3. АНУ-ын их дээд сургуульд байгалийн ухааны хичээлийг 10 жилээс нилээд өөрөөр дүгнэдэг. Томоохон их дээд сургуулиуд болон Ivy League сургуулиудад эдгээр хичээлийг муруйгаар (curve) үнэлэх нь элбэг. Өөрөөр хэлбэл 90-с дээш оноо авсан хүн бүр A эсвэл A- АВАХГҮЙ. Үүний оронд эхний 10% нь A, дараагийн 20% нь B, 40% нь C, доод талын 20% нь D, 10% нь F авна гэсэн үг. Үнэлгээний муруй янз бүр байдаг боловч анагаахын сургуульд ороход шаардлагатай A дүнг маш цөөхөн оюутан авна гэсэн үг. Энэ нь pre-med оюутнуудаас олныг гаргах нэг ёсны "шахах" процесс юм. Ийм үнэлгээгээр үнэлдэг сургуулийн pre-med оюутнуудын 30-60% нь хөтөлбөрөөсөө гарах нь элбэг үзэгдэл. Маш олон жижиг нийгэм хүмүүнлэгийн (liberal arts college) дээд сургуулиуд ингэж үнэлдэггүй бөгөөд багш нар нэмэлт тусламж үзүүлэхэд бэлэн байх бөгөөд сургуулиас нь аль болох олон оюутныг анагаахын сургуульд оруулах зорилготой байдаг. Хэрэв та таны сонирхосон сургууль ийм муруйгаар үнэлдэг эсэхийг мэдэхгүй байвал, АСУУ! Мөн үнэхээр таны эцсийн зорилго анагаахын сургуульд орох бол жижиг liberal arts сургуулиудыг сонирхож үзээрэй.
Байгалийн ухааны хичээлийн дүнг хэрхэн сайжруулах вэ
4. Pre-med хөтөлбөрт цөөн оюутнуудтай ажиллах зорилгоор оюутнуудыг хөтөлбөрөөс "шахдаг"  тодорхой хичээлүүд байдаг. Органик хими ийм хичээлийн нэг; дараагийн семестрт анги дайны талбар шиг хоосон сандлаар дүүрэн байх нь олонтаа. Эмч нар pre-med хөтөлбөрөөр сурч буй хүүхдүүддээ хамгийн хэцүү хичээлээ хүлээж байгаад зундаа дангаар нь үзэхийг зөвлөдөг. Ингэж зундаа ганц хичээл сонгосноор хүүхдүүд сайн төвлөрч сайн дүн авах нь арай амар болдог байна. Харин ингэж хичээл авахаасаа өмнө таны сургуульд тус сургуулиас кредит шилжүүлэн авах эсэхийг, таны үзэх хичээлийг тооцох эсэхийг лавлах хэрэгтэй. 
Анагаахын сургуулийн элсэлтийн коммис оюутнууд элсүүлж авахдаа маш олон хүчин зүйлсийг харгалдан үздэг. Үүнд нийт дүнгийн голч, байгалийн ухааны хичээлийн дүнгийн голч, MCAT элсэлтийн шалгалтын оноо, судалгаа эсвэл дадлага, хичээлээс гадуурхи болон удирдан манлайлах үйл ажиллагаанд оролцсон зохион байгуулсан зэргийг чухалчилж үздэг. Тиймээс анхнаасаа зөв сургуулиа сонгох нь анагаахын сургуульд орох боломжийг нэмэгдүүлж эмч болох гараанд чухал ач холбогдол үзүүлдэг.
http://www.golocalworcester.com/lifestyle/college-admissions-insider-secrets-for-pre-med-applicants1/

3 comments:

  1. enchee emshius tugschuud residentee tenchee hamgaalj bolno gsne uu? hariulaach

    ReplyDelete
  2. Харин Монголдоо анагаахын сургуульд төгссөн бол шууд АНУ-ын резидентэд өргөдөл мэдүүлж болно. (Жич: Гадаадад анагаахын сургуулийг бакалаврын зэргээр дүүргэсэн хүмүүс АНУ-ын анагаахын сургуульд элсэх боломжгүй байдаг.) Өргөдөл мэдүүлэхээс өмнө 2 үндсэн шалгалт өгдөг бөгөөд энэ тухай дараагийн блогт нийтлэх нь зүйтэй болов уу.

    ReplyDelete
    Replies
    1. энэ чинь юу гэсэн үг вэээ болох болохгүй нь тодорхой бус юм байна ? хариулж өгөөч

      Delete