Monday, February 3, 2014

АНУ-ын их дээд сургуулиуд чухам юуг чухалчилж үздэг вэ?

Жил бүрийн 11-3 сар бол АНУ-ын их дээд сургуулиудын ид материалаа хүлээж авдаг хугацаа. АНУ-д 4300 орчим их дээд сургууль байдгаас сургууль бүр материалаа өөр өөр өдөр хүлээж авахын зэрэгцээ элсэлтийн шаардлага нь ч ондоо. Гэвч аль ч сургуулийн нийтлэг хүлээн авдаг материалд өргөдлийн маягт, сурлагын дүн, диплом, албан ёсны шалгалтын оноо, эссэ, багшийн тодорхойлох захидал, мөн таны материалыг уншсаны төлбөр болох өргөдлийн материалын хураамж зэрэг орно. Бакалавраар суралцах оюутнууд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангидаа байхдаа материалаа бүрдүүлж өгдөг. Мөн gap year буюу жил өнжөөд сургуульд өргөдлөө өгөх ч элбэг тохиолддог. Эдгээр оюутнууд 9, 10, 11, 12-р ангийн дүнгээ явуулж, багшаасаа гадна зөвлөх багшийн тодорхойлолт аван ихэвчлэн commonapp хэмээх нэгдсэн өргөдлийн маягт бөглөдөг. Англи хэлний түвшин тогтоох TOEFL iBT эсвэл IELTS шалгалтуудыг өгөхийн зэрэгцээ ихэнхи сургуулиуд SAT хэмээх шалгалтыг шаарддаг. Сүүлийн жилүүдэд SAT шалгалтыг чухалчилах нь улам буурсаар байгаа ч хэрэгтэй үзүүлэлтүүдийн нэг хэвээр байсаар. Энэ шалгалтыг Монголд 5 удаа авдаг.

Харин graduate school буюу магистр, докторын зэргээр суралцахыг хүсэгчид бакалавр, магистрын дүн, диплом, TOEFL iBT эсвэл IELTS шалгалтын онооноос гадна суралцах чиглэлээсээ хамаараад GRE, GMAT, LSAT, MCAT шалгалт, багш нарын болон ажил олгогчийн тодорхойлох захидал, зорилго тодорхойлох захидлын сургууль руугаа явуулдаг. Ихэнхи сургууль өөрийн онлайн өргөдлийн маягт хүлээн авах системтэй байдаг.

Саяхан NACAC буюу АНУ-ын их дээд сургуулийн зөвлөх, элсэлтийн ажилтны нийгэмлэгээс 2013 оны АНУ-ын элсэлтийн байдлын талаар статистик мэдээ (State of College Admissions 2013) гаргасан байна. Энд мэдээлснээр ихэнхи сургуулиуд буюу 82% нь сургалтын дүнг хамгийн чухал хэмээн үзсэн байна. Харин 20% нь эссэ-г, 16% нь багшийн тодорхойлох захидлыг хамгийн чухалд тооцжээ. Энэ жилийн бас нэг сонирхолтой тоо бол 7 болон түүнээс дээш сургууль руу өргөдөл гаргагчдын тоо багассан явдал юм. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Өргөдлийн материал бөглөх талаархи дэлгэрэнгүй мэдээллийг манай www.educationusa.mn сайтаас авна уу. 

Э.Ариунаа
EducationUSA Зөвлөх

No comments:

Post a Comment