Tuesday, November 25, 2014

“АНУ-д суралцацгаая” цуврал зөвлөгөө Магистр, доктор түвшний оюутнуудад зориулсан санхүүгийн дэмжлэг

“АНУ-д суралцацгаая” цуврал зөвлөгөө
 Магистр, доктор түвшний оюутнуудад зориулсан санхүүгийн дэмжлэг

Магистр, докторын оюутнуудад тэтгэлэг олгох боломж илүү байдаг хэдий ч маш их өрсөлдөөнтэй байдаг гэдгийг анхаараарай. Олон төрлийн эх үүсвэрээс санхүүгийн дэмжлэг өгч болно. Суралцах чиглэлээсээ хамаараад их сургуулиудын тэнхимээс олгох санхүүгийн тэтгэлэг янз бүр байдаг бөгөөд ихэнх гадаад оюутнууд профессорын туслах судлаач, туслах багш мөн сургуулийн захиргааны туслах ажилтнаар ажиллах замаар сургалтын зардалаа санхүүжүүлдэг. Зарим сургуулиуд тэтгэлэг хүсэх маягт бөглөхийг шаарддаг бол ихэнхи сургууль тэтгэлэг олгох эсэхээ тухайн оюутны өргөдлийн материал дээр үндэслэн шийддэг. Дараагийн дугаараас өргөдлийн материал хэрхэн бүрдүүлэх талаар уншаарай.  Тэтгэлэгийн талаар мэдээллийг Монголоос гадна дэлхийн 169 оронд байрлах EducationUSA сүлжээ төвүүд дээр очиж зөвлөгөө авахаас гадна мөн онлайнаар www.fundingusstudy.org, www.educationusa.mn сайтаас суралцах чиглэл болон тэтгэлэгийг хайх боломжтой.
Тэтгэлгүүдийн төрлийг ангилвал:
FELLOWSHIPS буюу академик амжилт, авъяас, ур чадварт тулгуурлаж олгодог тэтгэлэг бөгөөд туслах багш болон судлаачаар ажиллах үүрэг хариуцлага хүлээхгүй. Энэхүү тэтгэлэг нь сургалтын төлбөр эсхүл сар бүрийн байрны зардлыг төлөх гэх мэт янз бүрийн хэмжээтэй байх болно. Энэ төрлийн тэтгэлэг сургалтын болон амьжиргааны зардлыг бүтэн даадаггүй.

SCHOLARSHIPS буюу академик амжилт, авъяас, ур чадварт тулгуурлаж олгодог тэтгэлэг бөгөөд буцаан төлөх үүрэг хариуцлага хүлээхгүй. Сургалтын төлбөрийг бүтэн болон хагасаар хөнгөлнө.
ASSISTANSHIPS буюу туслах багш, судлаач, ажилтны тэтгэлэг нь магистр, докторын түвшинд олгодог хамгийн түгээмэл хэлбэрийн тэтгэлэг. Суралцаж байгаа чиглэлээрээ сургуульдаа долоо хоногт 20 цагийн ажил хийнэ гэсэн үг. Зарим тохиолдолд сургалтын төлбөрийг бүтэн болон хагас хэмжээгээр чөлөөлдөг. Их дээд сургуулиудад туслах багш, судлаач авах орон тоо цөөхөн байдаг учраас маш их өрсөлдөөнтэй.
Америкийн их дээд сургуулиуд элсэгчдийн бакалавр болон магистрын сурлагын академик амжилт, ур чадвар болон суралцах чиглэлдээ амжилт гаргах магадлалыг нь харгалзан элсүүлдэг гэдгийг санаарай. Доорхи төрлийн туслах ажилууд байдаг:

Туслах багш
• Академик амжилт болон ур чадварын маш өндөр үзүүлэлттэй хамгийн сайн оюутнуудад илүү боломжтой. Бакалаврын оюутан ихтэй их сургуулиудад туслах багшийн орон тоо байх илүү магадлалтай.
• Туслах багш нь долоо хоногт 20 цаг ажиллах бөгөөд бакалаврын оюутнуудын лабораторийн ажлыг удирдах, семенарийн хичээлийг хөтлөх, цөөн оюутантай ангид багшлах зэрэг ажил хийнэ.
• Их дээд сургуулиудад туслах багшаар ажиллах оюутнууд TSE буюу ярианы англи хэлний шалгалтыг өгөх шаардлагатай. Хэрвээ сурангаа багшлах хүсэлтэй бол өмнө багшилж байсан туршлагатай эсэхээ дурдаарай.

Туслах судлаач
• Академик амжилт, ур чадвар болон судалгааны чиглэлд үндэслэн олгодог. Туслах судлаачийн ажил нь суралцаж байгаа чиглэлээрээ долоо хоногт 20 хүртэл цагийн судалгааны ажил хийнэ.
• Таны судалгааны чиглэлээр судалгаа хийдэг сургуулиудыг хайгаарай. Хэрвээ өмнө нь судалгаа маш сайн хийж байсан туршлагатай гэдгээ батлан харуулбал тухайн чиглэлээр судалгаа хийдэг тэргүүлэх судлаач профессорууд санхүүгийн туслалцаа үзүүлэх бүрэн боломжтой байдаг.

Захиргааны туслах ажилтан
• Оюутны санхүүгийн хэрэгцээ болон академик ур чадварт үндэслэг олгодог. Сургуулиудын гадаад оюутанд зөвлөх оффис зэрэг газар ажилладаг.

Тэтгэлэг хэрхэн хайх болон яг одоо зарлагдаж байгаа тэтгэлэгүүдийн талаар мэдээллийг доорхи сайтуудаас уншаарай. www.educationusa.state.gov https://www.educationusa.info/financial-aid
Мэдээллийг бэлтгэсэн: AНУ-ын засгийн газрын харъяа EducationUSA боловсролын төвийн зөвлөх Ц.Одончимэг 

No comments:

Post a Comment