Tuesday, November 25, 2014

“АНУ-д суралцацгаая” цуврал зөвлөгөө Магистр, докторын зэргээр АНУ-д суралцах эхний алхам





АНУ-д 1000 гаруй их дээд сургууль төрөл бүрийн чиглэлээр магистр, докторын сургалт явуулдаг бөгөөд энэ дундаас өөрт тохирсон сургууль, хөтөлбөрийг сонгох нь чухал юм. Ихэнх сургуулиуд хөтөлбөр эхлэхээс жил гаруйн өмнө өргөдлийн маягт хүлээн авч эхэлдэг. Тийм учраас, та өргөдөл гаргахаас нэг жилийн өмнө буюу суралцахыг хүсч буй хугацаанаасаа хоёр жилийн өмнө сургууль, хөтөлбөрийн тухай мэдээллүүдийг цуглуулж, сайтар судалж үзэх хэрэгтэй.

Сонголтуудаа сайтар харьцуулж үзээрэй
Магистр, докторын зэргээр суралцахад тухайн мэргэжлээр заавал бакалаврын зэрэг хамгаалсан байх шаардлагагүй. Жишээлбэл, дүрслэх урлагаар бакалаврын зэрэг хамгаалсан оюутан бизнесийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалж болно. Магистрын сургалт дунджаар 1-3 жилийн хугацаатай байдаг бөгөөд төгсөхдөө диплом бичих эсвэл дадлага хийх нь хөтөлбөрөөсөө хамааран өөр өөр байдаг байна. Байгалийн ухааны чиглэлээр бакалавраа төгссөн оюутнууд шууд докторын хөтөлбөрт элсэн орж болдог. Зарим хөтөлбөрүүдийн хувьд тухайн мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Магистрын хөтөлбөртэй харьцуулахад докторын хөтөлбөрт удирдагч багшийн үүрэг их байдаг бөгөөд багшийнхаа удирдлаган дор судалгаагаа хийдэг.

Эрх зүй, анагаах ухаан гэх мэт мэргэжлийн зэргээр суралцахад тухайн мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан байх шаардлагагүй. Харин тодорхой хичээлүүдийг үзсэн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Тухайлбал, анагаах ухааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалах гэж буй оюутан шашны чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан байж болох хэдий ч өмнө нь биологийн ухаан, хими, математик, зан үйлийн болон нийгмийн ухааны хичээлүүдийг судалсан байх шаардлагатай.

Хөтөлбөрүүдийн тодорхой шаардлагуудыг тухайн сургуулийн цахим хуудсаас дэлгэрэнгүй харах хэрэгтэй. Түүнчлэн АНУ-ын дээд боловсролын тухай зөвлөгөө мэдээлэл өгөх төвийн ажилтнууд танд зөвлөгөө өгч мэдээллээр хангах үүрэгтэй.

ӨӨРТ ТОХИРОМЖТОЙ ХӨТӨЛБӨРӨӨ СОНГОХ
Боловсрол, мэргэжлийн зорилгоо тодорхойлох
Өөрт тохирсон хөтөлбөрийг сонгохын тулд та өөрийнхөө боловсрол, мэргэжлийн зорилгыг тодорхойлох хэрэгтэй. Ингэснээр сургуулийн өргөдлийн маягт бөглөхөд болон зорилго тодорхойлсон эссэгээ бичихэд тус дөхөмтэй байх болно. Зорилгоо тодорхойлохдоо “ямар ажил мэргэжлээр ирээдүйд ажиллахыг хүсэж байна вэ” “энэ мэргэжлээр ажиллахад ямар зэргээр суралцсан байх шаардлагатай вэ” “энэ салбарт ажлын байр хэр зэрэг хангалттай вэ?” зэрэг асуултыг өөртөө тавиарай. Тухайн салбарт одоо ажиллаж байгаа хүмүүс, мэргэжлийн нийгэмлэгүүд, EducationUSA боловсролын зөвлөх нараас тухайн салбарт шаардагдах ур чадвар, салбарын тухай мэдээлэл, салбарын мэргэжлийн эрэлт хэрэгцээний талаар мэдээлэл авч болох юм.

Сонирхсон хөтөлбөрийн жагсаалтыг нарийсгах
Боловсрол, мэргэжлийн зорилгоо тодорхойлсны дараа таны дараагийн алхам бол таны сонирхосон чиглэлээр сургалт хөтөлбөр явуулдаг сургуулиудыг олж тодорхойлох хэрэгтэй. Их дээд сургуулиудын каталоги, мэргэжлийн нийгэмлэг, холбоо болон сургуулийн вэб сайт нь янз бүрийн хөтөлбөр, сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах мөн өөрийн сонголтыг нарийвчлан гаргахад туслах сайн эх сурвалж болно. Түүнчлэн www.petersons.com/graduate-schools болон www.gradschools.com зэрэг сайтаар сургуулиудыг мэргэжил, газарзүйн байрлал, муж бүс болон бусад шалгуураар хайх боломжтой.
Хаана сурахаа шийдэх
Магадлан итгэмжлэгдсэн 10-20 сургуулийн жагсаалт гаргаж тэдгээрийг хооронд нь дараах үзүүлэлтээр харьцуулж үзэн улмаар 4-6 сургуульд өргөдөл гаргах хэрэгтэй:
•    Судалгааны хөтөлбөр, номын сан, компьютерийн хангамж
•    Сургууль, тэнхимийн хэмжээ
•    Магадлан итгэмжлэл
•    Төгсөхөд шаардагдах хичээл, дипломын шаардлага
•    Зэргээ хамгаалахад шаардагдах хугацаа
•    Элсэлтэнд тавигдах шаардлага, тестийн оноо
•    Сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал бусад зардал
•    Санхүүгийн тусламж, тэтгэлэг байгаа эсэх
•    Сургуулийн байрлал, байр, оюутны хотхон, цаг агаар болон амьдрах зардал
•    Оюутны хотхонд гадаад оюутнуудад зориулсан үйлчилгээ

Мэдээллийг бэлтгэсэн: AНУ-ын засгийн газрын харъяа EducationUSA боловсролын төвийн зөвлөх Э.Ариунаа

No comments:

Post a Comment