Thursday, February 6, 2014

АНУ-д анагаахаар суралцахыг хүсэгчдийн анхааралд

Америкт анагаахын чиглэлээр ялангуяа эмчийн боловсрол эзэмшихийг олон хүн хүсдэг. Энэ нь магадгүй өндөр цалин, нэр хүнд, мөн тухайн хүний сонирхолтой нягт холбоотой. Хэрвээ та тэдгээр хүмүүсийн нэг бол АНУ-ын боловсролын системийг ойлгох хэрэгтэй. 

АНУ-д мэргэжлийн сургуулиуд гэж байдаг бөгөөд үүнд анагаах, хуулийн сургуулиуд орно. Мэргэжлийн сургуульд орохоос өмнө заавал бакалаврын боловсрол эзэмшсэн байх шаардлагатайгаас (үүнийг анагаахад pre-med буюу анагаахын сургуулийн өмнөх боловсрол гэж нэрлэнэ) гадна тухайн чиглэлээр мэргэжлийн шалгалт өгдөг. Анагаах дотроо нарийн мэргэшлээсээ хамаараад мөн өөр өөр шалгалт өгөх хэрэгтэй болно. Манай оюутан залуус хэрвээ анагаахаар суралцахыг хүсвэл АНУ-ын их дээд сургуульд эхлээд pre-med буюу анагаахын боловсролын өмнөх бакалаврын сургалтанд суун хими, биологи, физик, математик болон нийгэм, хүмүүнлэгийн мэдлэгээ бэхжүүлэн бакалаврын зэргээ авна. Дараа нь анагаахын сургуулийн элсэлтийн шалгалтаа (MCAT буюу Medical College Admission Test, DAT буюу Dental Admission Test гэх мэт) өгснөөр анагаахын сургуульд өргөдөл мэдүүлэх боломжтой болдог. Анагаахын сургуульд 4 жил суралцасны дараа резидэнтээ 3-7 жил хийн эмнэлэгт ажиллана. Тэгэхээр нийт 4 жил бакалавр + 4 жил анагаахын сургууль + 3-7 жилийн резидент = 11-с 15 жилийн хугацаанд суралцаад эмчийн лиценз авах боломжтой болно.   

Харин Монголдоо анагаахын сургуульд төгссөн бол шууд АНУ-ын резидентэд өргөдөл мэдүүлж болно. (Жич: Гадаадад анагаахын сургуулийг бакалаврын зэргээр дүүргэсэн хүмүүс АНУ-ын анагаахын сургуульд элсэх боломжгүй байдаг.) Өргөдөл мэдүүлэхээс өмнө 2 үндсэн шалгалт өгдөг бөгөөд энэ тухай дараагийн блогт нийтлэх нь зүйтэй болов уу. 

Харин одоо эмч болохоор шийдээд pre med буюу анагаахын сургуулийн өмнөх бакалаврын боловсролыг эзэмшихээр сургуулиа хайж буй оюутан залуустаа нэгэн зөвлөмжийг орчуулан хүргэе!

Их дээд сургуулийн элсэлт: Pre-Med-р суралцагчдад өгөх зөвлөмж



Дуу хөгжмөөр мэргэшээд, Pre-Med хичээл үз
1. Анагаахын сургуульд ороход заавал pre-med эсвэл аль нэг байгалийн ухаанаар мэргэших албагүй. Үнэндээ анагаахын олон сургуулиуд өөр чиглэлээр мэргэшсэн оюутнуудыг сонгох хүсэлтэй байдаг. Тиймээс дуу, хөгжим, философи, улс төр гэх мэт өөрийнхөө хүссэн чиглэлээр мэргэшин төгсөх хэрэгтэй. Гэсэн хэдий ч анагаахын сургуулийн шаардах байгалийн ухаан, математикийн хичээлүүдийг ЗААВАЛ сонгон үзэж байж ихэнхи анагаахын сургуулийн элсэн орох болзлыг хангана. Бакалаврын оюутан байхдаа хийсэн судалгаа, дадлагын ажил, болон хэвлүүлсэн бүтээлүүд таны өргөдлийн материалд маш эерэг нөлөөтэй. Тиймээс таны суралцах гэж байгаа сургуульд ийм боломж байгаа эсэхийг судлаарай. 

Статистик тоо баримтанд шууд итгэж болохгүй
2. Бакалаврын сургууль хайх явцдаа тэдний pre-med xичээлийн хөтөлбөр болон анагаахын сургуульд элсэн орогчдын тоо баримтыг сонирхоод үзээрэй. Зарим сургуулиуд "манай сургуулиас анагаахын сургуульд өргөдөл гаргасан нийт оюутнуудын 92% нь тэнцсэн" гэх мэт тэнгэрт хадсан тоо хэлж магадгүй юм. Америк даяар өргөдөл гаргагчдын 44% нь зөвхөн сургуулидаа тэнцэж байхад 92% гэдэг бол гайхамшигтай тоо юм. Гэвч анх pre-med хөтөлбөрөөр явсан оюутнуудын хэд нь хөтөлбөрөө амжилттай дуусгаж чадсан вэ гэж тухайн сургуулиасаа асуугаарай. Хэрэв 60% нь амжилтгүй сураад хөтөлбөрийнхөө дундаас гарсан бол үүнийг зайлшгүй харгалзаж үзэх хэрэгтэй. Арван жилийн AP хичээл (АНУ-ын ахлах ангийн сурагчид их дээд сургуулийн түвшнийг сургууль дээрээ судлах боломжтой байдаг бөгөөд үүнийг AP хичээл гэдэг) дээрээ А дүнтэй хүүхдүүд их дээд сургуулийн химийн хичээл дээр арай ядан C дүн авсан тохиолдлыг би хэд хэд мэдэх юм байна. Коллежийн түвшний байгалийн ухааны хичээл 10 жилиихээс хэд дахин хэцүү байх нь бий. Мөн сонирхож буй сургуулиасаа pre-med зөвлөгөө өгдөг эсэх, MCAT-ын дундаж хэдэн оноотой талаар асуугаарай.
Байгалийн ухааны хичээлийн үнэлгээ-хамгийн шилдгүүд амьд гарах нь
3. АНУ-ын их дээд сургуульд байгалийн ухааны хичээлийг 10 жилээс нилээд өөрөөр дүгнэдэг. Томоохон их дээд сургуулиуд болон Ivy League сургуулиудад эдгээр хичээлийг муруйгаар (curve) үнэлэх нь элбэг. Өөрөөр хэлбэл 90-с дээш оноо авсан хүн бүр A эсвэл A- АВАХГҮЙ. Үүний оронд эхний 10% нь A, дараагийн 20% нь B, 40% нь C, доод талын 20% нь D, 10% нь F авна гэсэн үг. Үнэлгээний муруй янз бүр байдаг боловч анагаахын сургуульд ороход шаардлагатай A дүнг маш цөөхөн оюутан авна гэсэн үг. Энэ нь pre-med оюутнуудаас олныг гаргах нэг ёсны "шахах" процесс юм. Ийм үнэлгээгээр үнэлдэг сургуулийн pre-med оюутнуудын 30-60% нь хөтөлбөрөөсөө гарах нь элбэг үзэгдэл. Маш олон жижиг нийгэм хүмүүнлэгийн (liberal arts college) дээд сургуулиуд ингэж үнэлдэггүй бөгөөд багш нар нэмэлт тусламж үзүүлэхэд бэлэн байх бөгөөд сургуулиас нь аль болох олон оюутныг анагаахын сургуульд оруулах зорилготой байдаг. Хэрэв та таны сонирхосон сургууль ийм муруйгаар үнэлдэг эсэхийг мэдэхгүй байвал, АСУУ! Мөн үнэхээр таны эцсийн зорилго анагаахын сургуульд орох бол жижиг liberal arts сургуулиудыг сонирхож үзээрэй.
Байгалийн ухааны хичээлийн дүнг хэрхэн сайжруулах вэ
4. Pre-med хөтөлбөрт цөөн оюутнуудтай ажиллах зорилгоор оюутнуудыг хөтөлбөрөөс "шахдаг"  тодорхой хичээлүүд байдаг. Органик хими ийм хичээлийн нэг; дараагийн семестрт анги дайны талбар шиг хоосон сандлаар дүүрэн байх нь олонтаа. Эмч нар pre-med хөтөлбөрөөр сурч буй хүүхдүүддээ хамгийн хэцүү хичээлээ хүлээж байгаад зундаа дангаар нь үзэхийг зөвлөдөг. Ингэж зундаа ганц хичээл сонгосноор хүүхдүүд сайн төвлөрч сайн дүн авах нь арай амар болдог байна. Харин ингэж хичээл авахаасаа өмнө таны сургуульд тус сургуулиас кредит шилжүүлэн авах эсэхийг, таны үзэх хичээлийг тооцох эсэхийг лавлах хэрэгтэй. 
Анагаахын сургуулийн элсэлтийн коммис оюутнууд элсүүлж авахдаа маш олон хүчин зүйлсийг харгалдан үздэг. Үүнд нийт дүнгийн голч, байгалийн ухааны хичээлийн дүнгийн голч, MCAT элсэлтийн шалгалтын оноо, судалгаа эсвэл дадлага, хичээлээс гадуурхи болон удирдан манлайлах үйл ажиллагаанд оролцсон зохион байгуулсан зэргийг чухалчилж үздэг. Тиймээс анхнаасаа зөв сургуулиа сонгох нь анагаахын сургуульд орох боломжийг нэмэгдүүлж эмч болох гараанд чухал ач холбогдол үзүүлдэг.
http://www.golocalworcester.com/lifestyle/college-admissions-insider-secrets-for-pre-med-applicants1/

Monday, February 3, 2014

АНУ-ын их дээд сургуулиуд чухам юуг чухалчилж үздэг вэ?

Жил бүрийн 11-3 сар бол АНУ-ын их дээд сургуулиудын ид материалаа хүлээж авдаг хугацаа. АНУ-д 4300 орчим их дээд сургууль байдгаас сургууль бүр материалаа өөр өөр өдөр хүлээж авахын зэрэгцээ элсэлтийн шаардлага нь ч ондоо. Гэвч аль ч сургуулийн нийтлэг хүлээн авдаг материалд өргөдлийн маягт, сурлагын дүн, диплом, албан ёсны шалгалтын оноо, эссэ, багшийн тодорхойлох захидал, мөн таны материалыг уншсаны төлбөр болох өргөдлийн материалын хураамж зэрэг орно. Бакалавраар суралцах оюутнууд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангидаа байхдаа материалаа бүрдүүлж өгдөг. Мөн gap year буюу жил өнжөөд сургуульд өргөдлөө өгөх ч элбэг тохиолддог. Эдгээр оюутнууд 9, 10, 11, 12-р ангийн дүнгээ явуулж, багшаасаа гадна зөвлөх багшийн тодорхойлолт аван ихэвчлэн commonapp хэмээх нэгдсэн өргөдлийн маягт бөглөдөг. Англи хэлний түвшин тогтоох TOEFL iBT эсвэл IELTS шалгалтуудыг өгөхийн зэрэгцээ ихэнхи сургуулиуд SAT хэмээх шалгалтыг шаарддаг. Сүүлийн жилүүдэд SAT шалгалтыг чухалчилах нь улам буурсаар байгаа ч хэрэгтэй үзүүлэлтүүдийн нэг хэвээр байсаар. Энэ шалгалтыг Монголд 5 удаа авдаг.

Харин graduate school буюу магистр, докторын зэргээр суралцахыг хүсэгчид бакалавр, магистрын дүн, диплом, TOEFL iBT эсвэл IELTS шалгалтын онооноос гадна суралцах чиглэлээсээ хамаараад GRE, GMAT, LSAT, MCAT шалгалт, багш нарын болон ажил олгогчийн тодорхойлох захидал, зорилго тодорхойлох захидлын сургууль руугаа явуулдаг. Ихэнхи сургууль өөрийн онлайн өргөдлийн маягт хүлээн авах системтэй байдаг.

Саяхан NACAC буюу АНУ-ын их дээд сургуулийн зөвлөх, элсэлтийн ажилтны нийгэмлэгээс 2013 оны АНУ-ын элсэлтийн байдлын талаар статистик мэдээ (State of College Admissions 2013) гаргасан байна. Энд мэдээлснээр ихэнхи сургуулиуд буюу 82% нь сургалтын дүнг хамгийн чухал хэмээн үзсэн байна. Харин 20% нь эссэ-г, 16% нь багшийн тодорхойлох захидлыг хамгийн чухалд тооцжээ. Энэ жилийн бас нэг сонирхолтой тоо бол 7 болон түүнээс дээш сургууль руу өргөдөл гаргагчдын тоо багассан явдал юм. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Өргөдлийн материал бөглөх талаархи дэлгэрэнгүй мэдээллийг манай www.educationusa.mn сайтаас авна уу. 

Э.Ариунаа
EducationUSA Зөвлөх

Sunday, January 26, 2014

АНУ-ын сургуулиуд элсэлтийн шалгалт шаардахгүй болох уу?

Брандайзын их сургуулийн сонинд нийтэлснээр АНУ-ын Нью Йорк мужид байршилтай Бардын дээд сургууль хэмээх жижигхэн, либерал артс сургууль элсэлтийн шаардлагаа өөрчилөхөөр болжээ. Эссэ, албан ёсны шалгалтын оноо, тодорхойлох захидал гэх мэт материалыг бүрдүүлж явуулахын оронд 2500 үгтэй 4 судалгааны ажил бичин явуулах боломжтой аж. Хэрэв тэнцсэн тохиолдолд тодорхойлох захидал, дүн зэргээ явуулах аж. АНУ-ын олон их дээд сургуулиуд стандарт шалгалтуудыг (SAT/ACT гэх мэт) заавал шаардахаа байсны нэг нь Бард дээд сургууль байжээ.

http://thebrandeishoot.com/articles/13821

Thursday, January 17, 2013

EducationUSA-д тавтай морил.

EducationUSA-д тавтай морил.


АНУ-ын Төрийн Департаментын дэмжлэгтэйгээр Америкийн дээд боловсролын зөвлөгөө мэдээлэл

БЗМТ нь АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол, соёлын хэлтсийн EducationUSA боловсролын зөвлөгөө өгөх төвийн нэг бөгөөд EducationUSA төв нь АНУ-ын дээд боловсролын талаар дэлгэрэнгүй болон сүүлийн үеийн мэдээллийг АНУ-д суралцах сонирхолтой оюутнуудад хүргэдэг.
Энэхүү блог нь АНУ-д суралцах талаар хэрэгтэй мэдээлэл олж авах, бусадтай мэдээллээ хуваалцахаар бүтээгдсэн юм. "Connect with EducationUSA" буюу "EducationUSA-тай холбогдох" хэсэг нь таныг медиа вэбсайтууд болох Facebook, Twitter руу холбох бөгөөд мөн түүнчилэн EducationUSA TV YouTube мөн EducationUSA Mongolia YouTube сувгаас видео зөвлөмж мэдээллийг үзэх болно.

  

Яагаад Америкт сурахыг сонгох вэ?

Чанар, Сонголт, Үнэт  зүйл, Уян хатан байдал

Чанар
АНУ-ын сургууль нь дэлхий нийтэд сургуулийн тэнхим, сургалтын бааз, тоног төхөөрөмжийн чанраараа аль хэдийн танигдсан байдаг. Магадлан итгэмжлэлийн систем нь сургуулиудыг эдгээр стандартыг хадгалан үргэлжүүлэхийг шаарддаг.

Сонголт
АНУ-ын боловсролын систем дэх олон төрлийн сургууль, боловсролын болон нийгмийн орчин, өөр өөр элсэлтийн шаардлага, боловсролын зэргийн хөтөлбрүүд, мэргэжлийн хичээлүүдээс та өөрт тохирохыг сонгон суралцаж болно.

Үнэт  зүйл
АНУ-ын боловсролын зэрэг нь хамгийн сайн үнэт зүйлийг санал болгодог. Жил бүр гадаадын оюутнуудыг АНУ-д суралцахад зориулж сургуулиудаас санхүүгийн туслалцаа үзүүлэхээс гадна сургалтын төлбөр болон амьдрах зардал нь өргөн сонголттой байдаг.

Уян хатан байдал
АНУ-ын их дээд сургууль, коллежын хичээлийн сонголт нь уян хатан байдаг. Гэхдээ нэг сургуулиас нөгөө сургууль руу шилжин сурах нь оюутнуудад чухал асуудал юм. 2 жилийн коллежид эхний 1-2 жил суралцан их дээд сургуульд шилжин суралцах нь түгээмэл байдаг.
"АНУ-д 1 жил суралцах хугацаанд өөрийгөө болон мэргэжлийн хувьд хөгжүүлэх боломжтой шинэ ертөнцийг нээсэн. Би АНУ-д суралцахаар сонгосон. Учир нь хүн бүрийн хайдаг хувь хүн болон мэргэжлээрээ хөгжих боломж асар их байдаг." Рустем, Казакстан