Monday, January 12, 2015

Step one: Research your options - undergraduate


Манай оюутан залуус Америк улсад суралцах өндөр хүсэл эрмэлзэлтэй болсон билээ. Өнөөдөр АНУ-д 800,000 гаруй оюутан дэлхийн өнцөг булан бүрээс суралцаж байгаа бөгөөд үүний 1300 гаруй нь Монголын оюутан залуус байгаа юм. Хэдийгээр маш олон Монгол залуус Америкт суралцахыг хүсдэг боловч мэдээлэл дутмаг, бэлтгэл багатайгаасаа болоод хөрөнгө мөнгө, цаг хугацаа алдан заримдаа хүсэл мөрөөдлөө биелүүлж чадахгүйд хүрч байна. Эдгээр хүмүүст зориулан Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв буюу Монгол дахь EducationUSA төвөөс цуврал зөвлөгөө хүргэж байна. Цуврал маань сургуулиа хайх алхамаас эхлэн тэтгэлэг хайх, өргөдөл мэдүүлэх, сургуульдаа элсэх, виз мэдүүлэх, сургууль руугаа явах бэлтгэл хангах хүртэл 5 алхамын дагуу гарах бөгөөд бакалавр, магистр, докторын оюутнуудад тусад нь зөвлөгөө хүргэх болно. Эхний зөвлөгөөгөөр АНУ-д бакалаврын зэргээр суралцахад ямар нөөц бололцоо байгаа, сургуулиа хэрхэн хайх талаар мэдээлэл хүргэж байна.   

Боловсролын зэрэг

                Америкт бакалаврын зэргээр суралцахад 2 үндсэн зам байдаг. Нэгт шууд 4 жилийн сургалттай их дээд сургуульд элсэн орох; хоёрт Community college буюу 2 жилийн суурь боловсрол олгодог сургуульд суралцаад улмаар 4 жилийн сургалттай сургуульд шилжин орох боломжтой. 2 жилийн коллеж нь хямд өртөг, элсэлтийн уян хатан чанар, англи хэлний сургалт, болон 4 жилийн их дээд сургуульд үргэлжлүүлэн шилжин суралцах боломж зэрэг давуу талтай тул гадаад оюутнуудын дунд түгээмэл байдаг.

                Бакалаврын сургалтыг үндсэн 4 хэсэгт хуваадаг бөгөөд эхний суурь хичээл болон сонгох судлах хичээлийг буюу 60 кредитийг /өөрөөр хэлбэл 1, 2-р курс/ 2 жилийн коллежид сураад үлдсэн 60 кредит /3, 4-р курс/ буюу мэргэжлийн үндсэн болон мэргэшүүлэх хичээлээ 4 жилийн их дээд сургуульд үзэж болно. Өөрөөр хэлбэл шууд 4 жилийн их дээд сургуульд сурах 2 жилийн коллежоос шилжин 4 жилийн их дээд сургуульд суралцахад чанарын зөрүү гарахгүй юм.

                2 жилийн сургуулийг Associate зэргээр төгсдөг бөгөөд 4 жилийн сургууль руу шилжин суралцахаас өмнө 1 жилийн дадлага хийн ажиллах боломжтой байдаг.

Зорилгоо тодорхойлох

       
АНУ-д 4000 гаруй их дээд сургууль байдаг бөгөөд энэ олон сургуулиас сонгохын тулд хамгийн нэн тэргүүнд өөрийнхөө холын болон ойрын зорилгыг тодорхойлох хэрэгтэй. Үүнд, “би яагаад Америкт суралцмаар байгаа билээ”, “би ямар хичээлд дуртай билээ, ямар салбарт өөрийгөө сорьмоор байна”, “би хэзээнээс сургуульдаа элсэж орохыг хүсч байна”, “би ер нь хэн юм бэ”, “би ямар орчинд хамгийн амжилттай сурч боловсрох бол?” болон холын зорилго болох “би ирээдүйд ямар мэргэжлээр аль салбарт ажиллахыг хүсч байна”, “Монголдоо миний оруулах хувь нэмэр юу вэ” зэрэг асуултыг өөртөө тавин зорилгоо аль болох нарийвчлан тодорхойлох хэрэгтэй. Ингэснээр сургуулиа хайхад тань болон сургуулийн өргөдөл мэдүүлэх эссэ бичихэд тань хялбар байх болно.

Сургуулиа нарийвчлан сонгох

                Сургууль, хөтөлбөр хайдаг олон төрлийн хайлтын сайтууд байдаг бөгөөд эдгээрийг ашиглан сургуулиа эхний ээлжинд шүүж болно. Зарим түгээмэл сайтаас дурьдвал: www.collegeboard.org; www.collegeconfidential.com; www.petersons.com байна. Энд сургуулиа шүүхээсээ өмнө ямар төрлийн сургуулийг сонирхож буйгаа, ямар мэргэжлээр суралцахаа, санхүүгийн тэтгэлэг хайх эсэхээ шийдэх хэрэгтэй бөгөөд зардлаа төсөвлөх хэрэгтэй. Америкт улсын, ашгийн бус хувийн, ашгийн хувийн гэсэн 3 төрлийн их, дээд сургуулиуд байдаг. Улсын сургууль нь зардал мөнгөний хувьд арай хямд, тэтгэлэг харьцангуй багатай байдаг бол хувийн сургуулиуд нь харьцангуй өндөр төлбөртэй боловч тэтгэлэг арай илүү өгдөгөөрөө ялгаатай. Ашгийн хувийн сургуулиудад элсэн орох боломж хэдий өндөр байдаг ч сургалтын чанар харьцангуй багатай байдаг тул бид оюутнууддаа ийм сургуулиудаас зайлсхийхийг зөвлөдөг.

                Амьдрах байрны тухайд 2 жилийн коллежуудад дотуур байр байх нь ховор байдаг бол 4 жилийн residential college бүх оюутнууд нь дотуур байрандаа амьдардаг. Мөн сургуулийн байршилаас хамааран зарим сургуульд хангалттай дотуур байранд амьдархад амар хялбар байдаг бол зарим сургуулийн эргэн тойрон оюутнууд байр хөлслөн амьдрах нь элбэг байдаг. Томоохон хотын төвд байршилтай сургуулиуд дотуур байртай байх нь ховор бол хөдөө эсвэл хотын захын сургуулиуд ихэвчлэн оюутны хотхонтой байдаг тул дотуур байр элбэгтэй байдаг.

                Мөн элсэлтийн ямар шаардлагатай сургууль хайж буйгаа тодорхойлох нь чухал. АНУ-ын ихэнхи сургуулиуд TOEFL iBT болон IELTS-ийн шалгалтын тодорхой оноо шаардах бөгөөд ихэнхи 4 жилийн сургуулиуд болон тэтгэлэгт хөтөлбөр SAT эсвэл ACT шалгалтын оноо шаарддаг. TOEFL, IELTS-ийн шалгалт нь англи хэлний мэдлэгийг тодорхойлдог бол SAT, ACT шалгалтууд нь оюутны сэтгэн бодох чадвар, их дээд сургуулийн түвшинд уншиж бичих чадваруудыг шалгадаг. Хэдийгээр сүүлийн жилүүдэд SAT, ACT шалгалтыг шаарддаг сургуулийн тоо цөөрч буй боловч элсэлт болон тэтгэлэгт чухал нөлөөтэй хэвээр байна.

Зарим сургуулиуд оюутнуудын төлбөрийн чадавхийг элсэлтийн шийдвэр гаргахдаа харгалзан үздэг тул хэдий хэмжээний төлбөр төлөх боломжтойгоо тодорхойлох хэрэгтэй юм. Дараагийн дугаарт тэтгэлэг болон зардлаа хэрхэн төсөвлөх талаар зөвлөгөө хүргэх тул тус дугаараас энэ тухай үзнэ үү.

Магадлан итгэмжлэл

Америкийн их дээд сургуулийн сургалтын хөтөлбөр боловсруулах ажилд засгийн газар нь оролцдоггүй бөгөөд бүсийн болон үндэсний магадлан итгэмжлэлийн байгууллагууд сургалтын хөтөлбөр, багш нар, сурах орчин зэрэгт хяналт тавин магадлан итгэмжлэл олгодог. Өөрөөр хэлбэл тухайн сургууль, хөтөлбөрийн стандартанд нийцсэн эсэхийг магадлан итгэмжлэгдсэн эсэхээр нь мэдэх боломжтой гэсэн үг юм. Стандартад нийцэхгүй үйл ажиллагаа явуулдаг олон сургууль байдаг тул та сонгосон сургуулийн магадлан итгэмжлэлийг www.chea.org сайтаар дамжуулан шалгаж байх нь чухал юм. Ингэснээр таны олсон боловсрол үнэ цэнэтэй, цаашид хүлээн зөвшөөрөгдөх боломжтой болох юм.